
Төмөр замын газрын дарга Б.Артур 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлаг (Росжелдор)-ийн дарга Сахаров Александр Геннадьевичтай цахим уулзалт хийлээ.
Талууд уулзалтаар өөр өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, ойрын хугацаанд биечлэн уулзаж хоёр улсын төмөр замын зорчигч, ачаа тээврийн харилцааг бэхжүүлэх, төмөр замын үйлдвэрлэл, суурь бүтцийг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлийн асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцлоо.
Уулзалтад Монголын талаас Төмөр замын газрын Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Б.Мөнхбаяр, Зам, тээврийн яамны Төмөр замын бодлого зохицуулалтын газрын шинжээч Б.Идэр, Оросын талаас Холбооны төмөр замын тээврийн агентлагийн орлогч дарга Батюк А.С., зөвлөх Пятайкин О.Н., ОХУ-ын Тээврийн яамны Төмөр замын тээврийн бодлогын газрын дэд захирал Лихачёв С.С., "Оросын төмөр замууд" НХН-ийн Гадаад төслүүд ба олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Козлов А.В. зэрэг төлөөллүүд оролцов.
ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлаг нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлэх, төрийн өмчийн хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Санал, сэтгэгдлүүд